МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, NUM Career клуб хамтран клубт шинээр элссэн гишүүдийн карьерын хөгжил, ажил эрхлэлтэд бэлтгэгдэх байдлыг дэмжих, CV боловсруулах болон албан мэйл бичих ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “NUM CAREER” – CV болон албан мэйл бичих ур чадвар олгох сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр МУИС-ийн Хичээлийн II байрны 436 тоот танхим болон Багш, оюутны хөгжлийн төвийн 506 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад NUM Career клубт шинээр элссэн 26 гишүүн хамрагдсан бөгөөд оюутан оюутандаа мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцан суралцах зарчмыг баримтлан зохион байгуулсан нь онцлог байв.
Сургалтын хүрээнд клубийн гишүүдийг цаашид бусад оюутандаа карьерын чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зөвлөгч оюутнаар бэлтгэх, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагаа ажил олгогчид ойлгомжтой, оновчтой илэрхийлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглүүлэв.
Сургалтаар дараах үндсэн агуулгын хүрээнд мэдлэг, мэдээлэл олголоо. Үүнд:
- Мэргэжлийн түвшинд CV боловсруулах: CV-ийн бүтэц, үндсэн бүрдэл, мэдээллээ оновчтой тусгах, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагыг ажил олгогчийн анхаарлыг татахуйц байдлаар илэрхийлэх арга барил.
- Албан мэйл бичих ур чадвар: Албан мэйлийн бүтэц, гарчиг сонгох, мэндчилгээ, үндсэн агуулга, төгсгөл болон найруулгын зөв хэрэглээ.
- Ажил олгогчтой харилцах соёл: Ажил, дадлагын байранд өргөдөл гаргахдаа мэргэжлийн харилцааны соёлыг баримтлах, албан харилцаанд зөв үг хэллэг, найруулга ашиглах.
- Оюутан оюутандаа зөвлөх арга барил: Өөрийн эзэмшсэн мэдлэг, туршлагаа бусад оюутантай хуваалцах, харилцан суралцах, зөвлөгөө өгөх чадварыг хөгжүүлэх.
Сургалтын үр дүнд оролцогч оюутнууд CV боловсруулах болон албан мэйл бичихэд анхаарах үндсэн зарчим, бүтэц, найруулгын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, ажил, дадлагын байранд өргөдөл гаргахдаа өөрийгөө мэргэжлийн түвшинд илэрхийлэхэд шаардлагатай ур чадвар эзэмшихэд дэмжлэг авлаа.
Түүнчлэн клубийн шинэ гишүүдийн харилцан суралцах, мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах оролцоо нэмэгдэж, цаашид МУИС-ийн бусад суралцагчдад CV боловсруулах, албан мэйл бичих чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зөвлөгч оюутнуудыг бэлтгэх суурь нөхцөл бүрдсэн.
“NUM CAREER” – CV болон албан мэйл бичих ур чадвар олгох сургалт нь клубт шинээр элссэн гишүүдийн карьерын хөгжил, ажил эрхлэлтэд бэлтгэгдэх байдлыг дэмжихэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Цаашид сургалтын үргэлжлэл болгон клубийн гишүүдээр дамжуулан МУИС-ийн бусад суралцагчдад CV боловсруулах, ажлын байрны өргөдөл бэлтгэх, албан мэйл бичих чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тогтмолжуулах, “Оюутан оюутандаа зөвлөх” тогтолцоог хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Ингэснээр оюутнуудын ажил, дадлагын байранд өргөдөл гаргах ур чадвар, мэргэжлийн харилцааны соёл, карьер төлөвлөлтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой юм.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР